Гэрлэлтийг Монгол Улсын Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэлээр захиргааны болон шүүхийн журмаар цуцалдаг.
Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлахдаа: Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллагад гаргана. Хилийн чанадад буюу гадаад улсад ажиллаж байгаа иргэн Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт хүсэлтээ гаргана.
Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлахдаа:Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлахаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан шүүхээс сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр.
Хүүхдийн тэтгэлгийг хүүхдийн асрамжийг авсан тал нь нөгөө талаасаа шаардах эрхтэй байдаг.
Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хуулиар хориглодог байна.
Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно. Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүхэд хандан тогтоолгож болно. Энэ тохиолдолд нэхэмжлэл гаргаж байгаа хүн нь өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.